Sunday, November 22, 2009

Японы эзэн хааны гэр бүлийн эргэн тойронд

Япончууд бол аливаад хүндэтгэлтэй хандах, хүнийг хүндлэх, ихэс дээдэс, ах захаа дээдлэх, үндэсний зан заншил, ёс төрөө эрхэмлэх талаар үнэхээр гайхамшигтай ард түмэн гэдгийг юуны өмнө онцлон хэлмээр санагдана.

 Одоогийн Японы эзэн хаан Акихито гэргийн хамт

Тийм ч учраас уламжлалт ёс заншил, эзэн хааныгаа хүндлэх, түүний үр хүүхэд, үе залгамжлах ёс жаяг, хаан ширээнд суух хүмүүстээ өндөр ач холбогдол өгч маш ёс төртэй нягт нямбай ханддаг байна.
Одоогийн эзэн хаан Акихитогийн гурав дахь үеийн хаан ширээ залгамжлах хүний хувьд эдүгээ цаг дор япончуудын сэтгэлийг зовоосон том асуудал болоод байлаа.
Мэдээж Акихито хааныг, түүний том хүү Нарухито залгамжлана гэдгийг өмнө онцлон хэлсэн. Харин Нарухитог залгамжилж хааны удмыг цааш нь авч явах, хаан ширээнд суух хүнээр хэн тодрох нь бүрхэг байсан үе бий.
Энэ нь үе залгамжлах хунтайж Нарухито нэлээд хожуу гэрлэсэнтэй холбоотой юм байх. Тэр 33 насандаа Масако Овада гэдэг бүсгүйтэй гэрлэжээ.
Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газрын дарга Фужимори Сэйчи ерээд оны эхээр нэлээд төвөгтэй асуудалтай тулгарчээ. Энэ нь хаан Акихитогийн ууган хүү, үе залгамжлах хунтайж Нарухитогийн эхнэр болох бүсгүйг сонгон олж өгөх явдал байв.
Нийтдээ 200 гаруй бүсгүйг судлаж танилцуулсан боловч Нарухито тэднээс хэнийг нь ч тоож үзээгүй байна. Фужимори түүнээс хойш, хэдэн жил шаргуу ажилласны эцэст Масако Овада хэмээх бүсгүйг ирээдүйн гүнж болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзжээ.
Японы Гадаад Хэргийн Яамны орлогч сайдын охин, Токиогийн их сургууль, Харвардын болон Оксфордын их сургууль төгссөн өндөр боловсролтой, англи, испани, герман , орос хэлтэй Японы Гадаад Хэргийн яамны Хойд Америкийн хэлтэст ажилладаг, чадварлаг дипломатч болох ирээдүйтэй энэ бүсгүйтэй хунтайж Нарухито 1986 онд эзэн хааны ордонд болсон Испанийн гүнж Еленад зориулсан хүлээн авалтдээр анх танилцжээ.
Масако Овада 1963 оны арван хоёрдугаар сарын 9-нд дипломатч Овада Хисакийн гэр бүлд төржээ. Хунтайж Нарухито Масаког харуут дурлаж улмаар эхнэрээ болохыг хүссэн боловч тэр хүлээж авалгүй Японы Гадаад Хэргийн яамны томилолтоор дахин гадаадад суралцахаар явсан гэдэг. Хунтайж, Масакогийн зөвшөөрлийг авахын тулд зургаан жилийн турш тайван хүлээжээ.
Масакод түүний гэр бүлийнхэн болон хааны ордныхон "Чи, ирээдүйн эзэн хааны гүнж болох эсэх нь чиний эрх ашиг биш улс эх орны ирээдүйтэй холбоотой асуудал юм шүү" хэмээн шаргуу ятгаж байжээ. Энэ бүхний эцэст бүсгүй Хунтайжийн саналыг зөвшөөрсөн байна.
Харин Масаког, хунтайжийн эхнэр гүнж болохыг зөвшөөрч байгааг тусгай элч Нарухитод утсаар мэдэгдсэн гэдэг.
1993 оны зургадугаар сарын 9-н Япон Улсын түүхэнд чухал тэмдэглэлт өдөр болон үлджээ. Энэ өдөр хаан ширээ залгамжлах хунтайж Нарухито, Масако нар албан ёсоор гэр бүл болсон байна.
Масако хаан ширээ залгамжлах хунтайжийн гүнж болсноор амьдралынх нь хэв маягтэр аяараа өөрчлөгджээ.
Өндөр боловсролтой, олон хэлтэй, ирээдүйд нэртэй дипломатч болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн шаргуу хөдөлмөрлөж явсан бүсгүй биш, шүлэг бичиж, цэцэг суулгадаг, олон нийтийн ажилд хааяа оролцдог, японы эртний уламждал, тэр тусмаа Эзэн хааны гэр бүлийн дэг, нарийн журмыг ягштал биелүүлдэг эзэгтэй болсон гэдэг.
Масакогийн өмнө, хүн болж төрсний хувьд эзэн хааны гэр бүл,алтан ургийнханд төдийгүй японы ард түмэнд ирээдүйн эзэн хааныг төрүүлж өгөх цорын ганц, хамгийн чухал үүрэг тулж иржээ.
Тэрээр хунтайж Нарухитогийн гүнж болсноор эмэгтэй хүний хувьд баяр жаргал, уйтгар гунигийн аль алиныг үзсэн. Хамгийн гол нь Гүнж, Японы ирээдүйн эзэн хааныг хэзээ төрүүлэх юм бол гэсэн ард түмний их хүлээлт байлаа. Масако хунтайжийн эхнэр болоод найман жил өнгөрсөн ч хүүхэд төрүүлэлгүй, япончуудын сэтгэлийг зовоож эхэлжээ.
Олон жил хүлээлгэсний эцэст 1999 онд Гүнж давхар биетэй болсон ч харамсалтай нь дутуу төрсөн байна. Харин 2001 оны нэгдүгээр сарын 1-нд эзэн хаан Акихитогийн гэр бүл төдийгүй Японы нийт ард түмний хүсэн хүлээсэн өдөр, цаг мөч ирэв. Хаан ширээ залгамжлах хунтайж аав боллоо.
Гэвч тэр цаг мөч бас л баяр хөөр, уйтгар гунигийг хамт тээж ирснийг дурдууштай. Учир нь Гүнж Масако хүү биш, охин төрүүлэв. Хорвоод дөнгөж мэндэлсэн бяцхан гүнжид хаан өвөө нь хакомэ гэдэг цамц бэлэглэсэн нь бяцхан гүнжийг муу бүгдээс хамгаалах "ид шид"-ийг билэгшээсэн хэрэг байжээ.
Тэр дор нь бяцхан гүнжид нэр хайрлах тусгай комисс байгуулагдав. Нэртэй эрдэмтэд, Япон болон Хятадын эртний уламжлалыг сайн мэддэг судлаачид болох тэдгээр хүмүүс зөвлөлдөн хуралдаж бяцхан гүнжид Айко хэмээх нэр хайрлажээ.
Айко гэдэг нь "Хайр, дурлал, хүүхэд" гэсэн утга санааг илэрхийлдэг хоёр ханзнаас бүрдсэн нэр юм гэнэ.

No comments:

Post a Comment