Хүний хамгийн жаргалтай дурсгалтай, хөлтэй хөгжөөнтэй залуу нас бол мэдээж оюутан цаг. Сурагч үе ч сайхан л даа, гэхдээ аав ээжийн хяналтнаас гарч нийгэмд бие даан амьдрах эхлэлийг, эрх чөлөөтэй хамт олгосон оюутан цаг илүү дурсамж үлдээж дээ. Бидний үед оюутан хүн төлбөр төлдөггүй харин ч стипенд гэдэг "цалин"-тай байсан.
Нэгдүгээр курсын хагас жилээр бүх шалгалтаа онц өгч сургуулийн байрны үүдний танхимд онц сурлагатны нэмэгдэл өгөх ректорын тушаалыг хадчихсан, манай ангийн дөрвөн оюутны нэр дурайж (үүнээс ганц эмэгтэй нь би) хүмүүс уншаад Алтаргана гэж хэн юм бол гэхийг сонсоод чимээгүй холдохдоо бага насны нэг явдлаа дурсаж билээ. Манай дунд сургууль улсын шалгалт бүрийн дараа гадаа том самбар өлгөдөг, түүндээ шалгалтын дүнг анги ангиар нь жагсааж хамгийн арын хүснэгтэнд онц авсан хүүхдийн нэрийг бичдэг уламжлалтай байсан юм.
Анхны улсын шалгалтаа дөрөвдүгээр ангидаа монгол хэлээр өгч, оройхон дүнгээ сонсох гэж сургууль дээр очтол аль хэдийн бөглөөд өлгөчихсөн самбарт манай ангийн дүнгийн ард ганцхан миний нэр бичээтэй байв. Бүгдийг зөв бичсэн гэдэгтээ итгэлтэй байсан ч үүнийг үзээд тун ч баярлаж инээмсэглэн эргэхэд тэнд байсан өөр ангийн хүүхдүүдийн хэн нэг нь Алтаргана гэдэг чинь энэ ш дээ гэж хэлэхийг сонсоод ичиж бушуухан холдсон юм даг. Монгол хэлний дүрэм, найруулгандаа гайгүй болж тэр мэдлэг маань одоо ч блогчин болоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь Дорждэрэм багшийн минь ач.
За нөгөө оюутан цагаа дурсах гэтэл хадуураад алга боллоо. Би мундаг онц сурлагатай оюутан байгаагүй ээ, эхлээд их сүрхий эхэлсэн ч дараа нь нэг багшид дүнгээ даруулж урам хугараад тэр эрчээ алдан хичээхээ больж төгсөхдөө сайн голдуу, хэдэн онц цөөхөн дундтай диплом авсан даа. Нэг удаа бүүр деканы тушаалаар манай ангийн гурван хүнд арга хэмжээ авч стипенд хассаны нэг нь би, нөгөө хоёр нь эрэгтэй оюутан байсан юм. Яагаад онц сурч оюутны сарын 240 төгрөг дээрээ нэмэгдэл 100 төгрөг аваад ээждээ бэлэг авч өгч баярлуулж байснаа дунд руу гулсан орж зарим шалгалтаа дахиж өгч явсан, би ч багш ч буруугүй атал миний дүнг доош нь дарах шалтгаан гарсан нь яалтгүй амьдралын алдаа байсан, хичээл тасалдаг байснаас үүдэн дээрх арга хэмжээг "хүртсэн" зэргийг бичвэл нэг байтугай нилээд хэдэн бичлэг болох тул ингээд орхиё.
Харин оюутан цагийн салшгүй хэсэг болох байрны амьдралаасаа дурсдаг юм бил үү гэж бодлоо. Анх оюутан болоод ангийнхаа гурван охины хамт байранд орлоо. Нэг давхрын булангийн өрөө байсан юм даг. Ороод сар гаран л болж байсан байх, нэг шөнө цонх тогших чимээнээр сэрж сарны тодхон гэрэлд цонхны цагаан хөшигний цаанаас сүүдэртэх хүний гарын дүрсийг олж хараад үхтлээ айцгааж нэг орон дээрэээ бөөгнөрөн тэврэлдэж шөнийг өнгөрөөж билээ.
Тэрнээс хойш энэ явдал хэдэнтээ давтагдан сүүлдээ айхаа болиод оюутнуудын нэг нь биднээр тоглоод байгааг гадарлаж нэг шөнө саванд хүйтэн ус хийж бэлдээд хүлээлээ. Унтаж л хэвтэхгүй, намрын хүйтэн шөнө гадаа гарч охидын өрөөний цонх тоншиж явдаг гарыг гэнэгүй "ажлаа хийж" байхад нь онгойлгож бэлдсэн салхивчаар усаа дээрээс нь асгачихсан. Хэн байсан гээч, байрны нөгөө жигүүрийн тасагт орсон манай ангийн нэг хүү байсан ш дээ. Тэр говийн нэг аймгаас ирсэн, угаасаа жаахан саваагүй зантай, элдэв юм сэдэж явдаг нөхөр байсан юм.
Оройд хоёр хананы дагуу тавцанг нь төмөрлөсөн урт ширээ байрлуулсан, овоо олон хорин хэд билүү гучаад розетктай нийтийн гал тогоонд плиткээ чирч очоод хоолоо чанана. Хоёр бил үү гурван тийм өрөө нэг давхарт байдаг байсан. Зарим розетка нь буудчихаад хүрэлцэхгүй, хоол нь буцалж буй плиткны дэргэд оочерлох явдал ч бишгүй гардаг байлаа.
Нэг удаа би хоолоо хутгах гээд хажуугийн савтай хоолыг татаж асгачихаад айсандаа зугатаад алга болов. Хоол маань буцалсан ч дараагийн оочерийн хүн салгачихсан гэж мэдэж байгаа болохоор нилээд байж байгаад очтол ширээг сайхан цэвэрлэчихсэн, өөр ангийн зүс таних залуу түмпэнтэй хөшиглөсөн махаа барьчихсан орж ирж таараад нэг балай баагий хоолыг маань асгачихаад дахиж хийж байнаа гэхийг дуулаад нүүр халуу оргиж ямар нэгэн амандаа бувтнаад хурдхан гарсан даа. Дараагийн жил нь зэргэлдээ тасагт орж танил болсон хойноо үнэнээ хэлж уучлалт гуйсан юм.
Өрөөнөөс хулгай хийх явдал бараг байдаггүй хирнээ гал тогооны өрөөнөөс плиткээ, бүүр савтай хоолоо алдах явдал ч гардаг байлаа. Бид хоёр удаа хоолоо алдаж бас нэг удаа цуйван хулгайлж идчихээд савыг нь сайхан угаагаад хоолны өрөөнд тавьчихсан чинь "савыг маань эргүүлж өгсөнд баярлалаа, ноднин жил яав...хоол ч үгүй, сав ч үгүй болсон" гэсэн бичиг ханан дээр наачихсан байсан.
Хэдүүлээ мөнгөө нийлүүлж хоолоо бэлддэг ч заримдаа элдэв юм аваад яагаа ч үгүй дуусаж амь амиа бодох үе ч гарна. Гэхдээ эмэгтэйчүүд тул яаж ийгээд аргалж хоолны мөнгөө хүргэчихдэг байсан. Яг хоолоо авчраад л аягалах үеэр эрчүүд ном өгөх авах, юм асуух зэргээр ороод ирнэ. Зочноо зочилдог монгол ёсоор хоолоо хуваалцахаас өөр яах билээ.
Байнга манай хоолыг буудсаар сүүлдээ биднийг бүүр залхаачихсан нэг залуу хожим сургуулиа төгсөөд их өндөр албан тушаал хашиж манай удирдах газраар ирэхдээ хуучин танилын ёсоор элгэмсэг уулзаж нэг орой удтал ярилцаж суусан юм. Оюутан байхдаа ар гэр нь хүнд амьдралтайн улмаас стипендээ ихэнхийг нь тэдэндээ өгчихөөд юухан хээхнээр хооллож заримдаа хоол буудахаас өөр арга байдаггүй, харин ч манай оюутнууд байгаагаагаа бусадтайгаа хуваадаг сайхан заншилтай нь аминд нь олон орж байсныг хэлж бидэнд талархаж явдгаа илэрхийлэхэд тэр үед энэ тухай мэддэггүй, адилхан байж бусдыг холголоо гэж дургүйцэн ярилцдаг байснаа санаж билээ.
Оюутны байрны шуугиант амьдрал шөнө дөл өнгөртөл үргэлжилж заримдаа бараг өглөөгүүр унтах тул өглөө эрт босож цай чанана гэдэг их хэцүү юмны нэг байлаа. Ихэнхдээ хоосон шахуу л сургууль руу харайлгаж таардагсан. Зарим үед гал тогооны өрөөнд аягаа барьж очоод буцалж байгаа данхтай цайнаас аягалж авах үе ч гарна. Энэ ядарсан аргыг хэрэглэдэг хүн цөөнгүй байсан биз, хааяа цай чанадаг манай данх ч дундарчихдаг байлаа.
Нэг амралтын өглөө цайгаа чанаад хэдүүлээ халуун ам бүлээрээ ширээгээ тойрч суугаад уух гэтэл ам дарвигнатал давс хийчихсэн байв. Ингээд дайсны эрэлд гарч баахан таамаг дэвшүүлтэл нэг нь тэр үед манай ангийн Зоригоо данхтай цайгаа бариад гал тогооноос гарч явсныг харснаа хэлж бид ч хариугаа авах тохиромжтой цагийг хүлээж байлаа. Нэг өглөө бие засах газраас гарч гал тогооны үүдээр өнгөрөхдөө Зоригоогийн тасгийн паалантай ногоон данх байхыг харангуутаа савтай давсаа барьж гүйж очоод хүний нүд хариулан атгаад хийж орхив.
Хэдүүлээ хийсэн хэрэгтээ жаал баясаж байгаад нэгнийгээ тандуулахаар тэдний тасаг рүү явуултал тэд яагаа ч үгүй зүгээр цайгаа ууцгааж сууж, манай хүнийг ч дайлсан гэнэ. Ингээд хаа хамаагүй хэн нэгнийг хохироосондоо ихэд санаа зовцгоосон ч түүнийг олж уучлалт гуйх хүн олдоогүй өнгөрсөн дөө. Харин одоо оюутны байранд ногоон данхандаа бөөн давс хийлгэсэн хүн үүнийг уншвал биднийг уучлаарай гэж гуйя.
Хамгийн хөгжилтэй шуугиантай жилүүд минь тэнд өнгөрч, олон аавын хүүхдүүдтэй бужигнан элдэв учрал, адал явдлаар дүүрэн байсан цагаа хальт дурсахад ийм байна. Үе үеийн оюутны амьдралын хэв маяг нийгмээ дагаад өөрчлөгдсөөр байдаг ч энэ цаг бол хамгийн жаргалтай залуу нас гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ажлын хариуцлага, дарамт, өрсөлдөөн гэх мэт албан хаагчийн үй олон зовлонг зүүдлээ ч үгүй, амьдрал гэдэг оюутны байр шиг л эрх чөлөө, тоглоом наргианаар дүүрэн үргэлжилж байх чинээ санаж явсан гэнэн хонгор насаа одоо дурсахад сэтгэлд тун дотно, өчигдөрхөн болсон мэт санагдах юм даа.
No comments:
Post a Comment